ЭРДЭНЭТ МЕДИКАЛ ЭМНЭЛГИЙГ ХОЙД БҮСИЙН ХАВДРЫН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВ БОЛГОХТОЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭНТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.


📌 Булган аймагт зохион байгуулагдсан Хойд бүсийн зөвлөгөөний үеэр миний бие Эрдэнэт медикал эмнэлгийг Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний төв болгон 3-р шатлалын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг орон нутагт үзүүлдэг болох саналыг гаргаж, ЗГ-ын хуралдаанаар дэмжигдсэн билээ. Уг шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх хүсэлтийг Ерөнхий сайд Г.Занданшатарт гаргасны дагуу шуурхай зохион байгуулалт хийгдэж, Эрүүл мэндийн яамнаас 2025 оны 8 дугаар сард багтаан үйл ажиллагааг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнтэй албан уулзалт хийлээ.

🏥 Тус эмнэлгийг шилжүүлэх явцад “Эрдэнэт медикал” эмнэлгийн болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилтан, албан хаагчид, уурхайчид, ахмадуудын хууль ёсны эрх ашгийг хангаж, тэдний эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчмыг баримтлан ажиллахыг УИХ-ын гишүүний хувиар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнд албан бичгээр хүргүүлсэн бөгөөд уулзалтаар дараах гурван асуудлаар зарчмын хувьд харилцан ойлголцолд хүрээд байна. Үүнд:

1️⃣ “Эрдэнэт Медикал” эмнэлгийн одоогийн ажилтан, албан хаагчдыг орон тооны цомхтголд оруулахгүй байх;

2️⃣ Ажилчдын цалин хөлсийг одоогийн түвшнээс бууруулахгүй байх зохицуулалт хийх;

3️⃣ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилтан албан хаагчид болон тус үйлдвэрийн ахмад ажилтнуудын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгооны үйлчилгээг тасалдуулахгүй үргэлжлүүлэн зохион байгуулах.

🤝 Энэхүү ажлыг санаачилсан, тойргоос сонгогдсон Улсын Их Хурлын гишүүний хувьд иргэдэд хүрэх эрүүл мэндийн чанар хүртээмжийг сайжруулах, тус эмнэлгийн ажилтан албан хаагчдын эрх зүйн байдал нийгмийн баталгааг алдагдуулахгүй байхад анхаарч ажиллах болно.