УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Доржсүрэнгийн Үүрийнтуяатай бүсчилсэн хөгжилд Хойд бүсийн үүрэг оролцоо ямар байх, одоогийн нөөц боломжоо хэрхэн нэмэгдүүлэх талаар ярилцлаа.
-Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг бодитоор хэрэгжүүлснээр орон нутагт эдийн засаг тэлэх, ажлын байр бий болох хөрс суурь бүрдэнэ. Та Хойд бүсийн хөгжлийг хэрхэн тодорхойлох вэ?
-Манай Орхон, Булган, Хөвсгөл аймаг өөр өөрийн гэсэн бие даасан онцлогтой. Бусад бүс нутагтай харьцуулахад уул уурхай, аялал жуулчлал, газар тариалан, мал аж ахуй, хүнд болон хөнгөн аж үйлдвэр хөгжсөн, олон жилийн үүх түүхтэй, тэр хэрээр богино хугацаанд хурдан өсөж, дэвжих өгөгдсөн нөөц боломж сайтай. Монгол Улсдаа төдийгүй дэлхийд томоохонд тооцогдох “Эрдэнэт үйлдвэр” Хойд бүсэд байгаа нь маш том давуу тал. Хөвсгөл аймаг бол аялал жуулчлалын бүс нутаг. Энэ сайхан байгалиа түшиглэн өвлийн болон зуны спорт аялал жуулчлалыг хөгжүүлэх өргөн боломжтой гэхчлэн олон давуу талыг тодорхойлж, гаргаж ирж байгаа. Булган аймаг л гэхэд олон сайхан рашаантай. Хүүхдийн хоолойд тустай Цагаан голын рашаан гэж бий. Манайх л гэхэд зундаа гэр бүлээрээ очихыг хичээдэг. Бид хүмүүсийг тийш татах боломжтой. Үүний тулд дэд бүтэц, харилцаа холбоо, үйлчилгээг хөгжүүлэх шаардлага үүснэ. Гол нь өгөөжийг тухайн бүс нутагт ажиллаж, амьдарч буй орон нутгийн иргэд, малчин хүртдэг байх нь чухал. Малын гаралтай бүтээгдэхүүний чанарын асуудал энд яригдаад эхэлж байгаа юм. Хөвсгөл, Булганы онцлог нь хоёулаа газар тариалангийн бүс нутаг. Хөдөө аж ахуйн салбарын үр өгөөжийг нэмэгдүүлж байж, газар тариалан, мал аж ахуйгаас гарсан түүхий эдэд анхан шатны боловсруулалтаа хийж, эцсийн хэрэглэгчид очих тэр үйлдвэрлэлийг хөгжүүлж байж энд хөгжлийн дараагийн асуудлыг ярихад илүү дөхөм болох юм. Булган, Хөвсгөл аймгийн үйлдвэрлэсэн хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг Эрдэнэтэд аваачвал зах зээл нь бэлэн байна.

-“Эрдэнэт үйлдвэр”-ийн хойд бүсийн хөгжилд үзүүлэх хувь нэмэр асар их байх нь дамжиггүй. Та хувьдаа энэ хөгжил, хөрөнгө оруулалтын нөлөөг яаж харж байна вэ?
-Эрдэнэтийг түшиглэсэн үйлдвэр технологийн парк, хүнд аж үйлдвэрийн цогцолбор бий болгох нь бүсчилсэн хөгжлийн бас нэг том зорилт. Энэ цогцолборын хүрээнд бидний тооцсоноор зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрт л гэхэд 1500 гаруй ажлын байр шинээр бий болно. Харин бүс нутгийн хэмжээнд тус цогцолборыг дагасан жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлснээр 24,000 ажлын байр бий болох боломжтойг судлаачид гаргаад ирсэн. Үүнийг дагаад төвлөрөл, зах зээл бий болно. Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдээ боловсруулж, бүтээгдэхүүн болгоод ирэхэд зах зээл нь байгаа гэсэн үг. Гурван аймаг бие биенээ дэмжиж, хэн юу үйлдвэрлэх, хэн хэрэглэгч нь байх, хаана ямар байдлаар дэд бүтцээ нэгтгэх вэ гэдэг энэ бодлого нь өөрөө бүсчилсэн хөгжлийн цөм. Үүнийг өртөг зардлаа бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, нэгжид ногдох өртгийг багасгах боломж гэж харж байгаа.
-Бүсчилсэн хөгжлийн үр шимийг иргэд ямар байдлаар яаж хүртэх вэ?
-Тухайлбал, Булган аймаг айргаараа алдартай. Айраг цагаагаа Эрдэнэт эсвэл Улаанбаатар орж борлуулдаг. Гэхдээ тэнд очиж байгаа болон малчны худалдаж буй үнэ маш зөрүүтэй. Энэ дунд зуучлагч, дамжуулагчийн суваг дээр ашиг нь очоод байдаг. Зүй нь малчин өрхөд энэ ашгийн масс нь очиж байж тэнд дахиад үйлдвэрлэлээ явуулах, өөрөө хөгжих, өрхийн амьжиргаа сайжрах боломж нэмэгдэх юм. Гэтэл тээвэрт л гэхэд маш их зардал гардаг. Айл болгон айргаа тээвэрлээд, машинаа унаад явахад хамгийн түрүүнд шатахууны зардал гарна. Ард нь ажил, цаг хугацаа алдагдана. Эсвэл дамжуулан борлуулдаг ченжид худалддаг. Тэгвэл Булганы Сайханы айраг хийдэг таван айл нэгдээд дундаа нэг унаагаар төв рүү айргаа хүргэвэл нэг малчны гаргах зардал тав дахин буурах юм. Бэлчээрээр мал аж ахуйгаа дагнаж эрхлээд сурчихсан хүмүүс нэгдэх хорших тал дээрээ жаахан сул байж магадгүй. Ялангуяа ардчиллын дараа хүн болгон өөрийн өмчтэй байх хүсэл эрмэлзэлтэй, тэрийгээ үр хүүхдэдээ өвлүүлэх гэсэн сэтгэлгээтэй болсон энэ цаг үед хөрөнгөөр нийлж хоршихоосоо илүү хөдөлмөрөөрөө нийлж хоршоод, үр шимээ хувааж хүртдэг, өртөг зардлаа дундаа хийгээд бууруулдаг байх хэрэгтэй байгаа юм. Тэгж чадвал бодит үр нөлөө нь богино хугацаанд харагдана. Энэ хэрэгцээ шаардлагыг олж харж “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг улс орон даяар төр засаг эхлүүлж, малчин өрхийн амьжиргааг дэмжих, эдийн засгийг сайжруулах, нөгөө талдаа хоршооллын зарчмаар хөгжихийг бодлогоор гаргаад өглөө. Хоршиж нэгдсэнээр бүтээгдэхүүний өртөг зардал буурна. Ингэснээр өрхийн орлого нэмэгдэж, хөдөлмөрийн зөв хуваарилалт, үр ашиг бий болох олон талын ач холбогдолтой.
-Та бүсийн аймаг, сумд хүрч ажилласан. Ингэж явахад орон нутагт бизнес эрхлэлтийг хэрхэн дэмжиж болохоор харагдсан бэ?
-Бид орон нутагт зах зээлийг тэлье гэвэл үйлдвэрлэлийг илүү хямд өртөгтэй байлгах ёстой юм байна гэж харсан. Аймгийн төвд ч тэр, сумын төв, Улаанбаатар хотод үйлдвэрлэл эрхэлж байгаа хүний төлдөг татвар, өгдөг хураамж яг адилхан байна. Ийм нөхцөлд хүн сумаас аймаг, аймгаас нийслэлийг зорьж үйлдвэрлэлээ эрхэлж таарна. Зах зээлээ дагана. Тийм учраас бид орон нутгийн эдийн засгийг аль болох татварын бодлогоор дэмжиж, тэнд очиж ажиллах боломжоор нь хангах юм бол өртөг зардал багатай үйлдвэрлэл явуулах боломж бүрдэнэ, үйлдвэрээ илүү тэлээд бүтээгдэхүүнээ төв суурин газар руугаа нийлүүлдэг сүлжээ үүснэ.
-Үйлдвэрлэл хөгжихөд хүний нөөц, инженерүүдийн асуудал тавигддаг. Та “Эрдэнэт үйлдвэр”-т шат шатанд нь, өдөр тутамдаа инженерүүдтэй ажилладаг хүний хувьд өөрийн бодлоо хуваалцахгүй юу?
-Монгол Улсын хөгжлийн бодлогыг цогцоор нь авч үзэж байгаа энэ цаг үед үйлдвэрлэгч улс болохын тулд тухайн үйлдвэрийг авч явах хүн хэн байх вэ гэдгээ л тодорхойлж гаргах хэрэгтэй. Ерөөсөө аливаа хөгжлийн бодлогын ард хэрэгжүүлэгч гол цөм нь хүн л байдаг. “Эрдэнэт үйлдвэр”-ийг зэс, молибдений орд, уурхай гэдгээр нь хүмүүс илүү мэддэг. Тэгвэл нөгөө талдаа монгол инженерүүдийн уурхай юм. Сургууль төгсөж ирсэн цагаасаа эхлээд “Эрдэнэт үйлдвэр”-т 30-40 жил ажиллаж байгаа уурхайчид, инженерүүд бол үйлдвэрийг үр ашигтай авч явж байгаа гол ноён нуруу. Иймд хөгжлийн гарц шийдлийг ярихын тулд том үйлдвэр, аж ахуйг авч явах инженер, боловсон хүчин, техникийн ажилтнуудаа бэлтгэх асуудлыг онцгой анхаарах ёстой. Бид хүн болгоныг дээд боловсролтой болгох гээд сүүлийн хэдэн жил нэлээд туйлширчихав уу гэж санагддаг. Малчид хүүхдүүдээ, ялангуяа охидоо дээд боловсролтой болгочих юмсан гээд, нөгөө талд хөвгүүдээ эр хүн учраас гэж мал дээр авч үлдсээр хөдөө эрчүүд зонхилж, их, дээд сургуулийг төгсөгчид нь охид болсон. Хүн ам зүйн бүтцийн хувьд энэ нь том асуудал болчихсон. Залуу гэр бүлүүд ч тэр, хөдөө мал маллаж байгаа бол нэг талдаа эхнэр нь хүүхдээ хараад сургууль сахиж төв дээр, нөхөр нь малаа маллаад хөдөө байж байдаг. Гэр бүлээрээ байх, хамт ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг л бүрдүүлэх нь юуны өмнө чухал байна. Иймд бид инженер техникийн ажилтнуудаа зөв бодлогоор бэлтгэх хэрэгтэй. Үүний тулд хүйсийн ялгаваргүйгээр сурч хөгжих боломж, хүсэл эрмэлзлийг нь дэмжих зайлшгүй шаардлагатай. “Эрдэнэт үйлдвэр”-т ч гэсэн инженер, техникийн ажилтнуудын дутагдал байна. Нарийн мэргэжлийн, мэргэшсэн сайн ажилчид дутагдаж байна. Ажил нь гарт нь орчихсон, үнэ цэн нь гарандаа шингэчихсэн, тийм сайхан туршлагатай ажилчид, мэргэжлийн боловсон хүчин байж гэмээнэ үйлдвэрлэлийн салбар хөгжинө. Тиймээс улс орны хөгжлийн хурдцыг эрчимжүүлье гэвэл бид аль болох залуучуудаа, боловсон хүчнээ бэлтгэх тал дээр анхаарах, ач холбогдол өгөх ёстой гэж боддог.
