Эрхэм хүндэт Алдарт эхийн одонт ээжүүддээ баярлалаа

Эрхэм хүндэт Алдарт эхийн одонт ээжүүд Та бүхэн гэр бүл, улс орныхоо өмнө эрхэм нандин үүрэг хүлээж, олон хүүхэд төрүүлж өсгөн, тэдний хүмүүжил, боловсрол, ирээдүйд үнэтэй хувь нэмэр оруулж буй Монголын бахархалт эхчүүд билээ.

Монгол улсын хүн ам зүйн бүтэц, өсөлт нь зөвхөн статистик тоо биш, харин үндэсний тогтвортой хөгжил, үндэсний аюулгүй байдлын тулгуур юм. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн Монгол ээжүүдийн хичээл зүтгэл нь улс орны ирээдүйн дархлаа, үндэсний оршин тогтнолын баталгаа юм. Энэхүү үнэ цэнтэй үүргийг нэр төртэйгөөр үүрч яваа Монгол ээжүүддээ гүнээ талархал илэрхийлье.

Миний бие Улсын Их Хурал дахь “Хүн амын өсөлтийг дэмжих бодлогын ажлын хэсэг”-ийг ахлан ажиллаж буй хүний хувьд Монголын гэр бүл, ээжүүдийг дэмжих бодлогыг тууштай хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж буй бөгөөд “ОЛОН ХҮҮХЭД ТӨРҮҮЛЖ ӨСГӨСӨН ЭХИЙГ УРАМШУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ”-ийг санаачлан улмаар өргөн барихаар ажиллаж байна.

Та бүхний гэр бүл аз жаргалаар бялхаж, үр хүүхэд тань эрүүл энх, эрдэм боловсролтой, эх оронч иргэн болон өсөн торнихын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

Эх орныхоо ирээдүйд үнэтэй хувь нэмэр оруулж буй Монгол ээжүүд үеийн үед гэрэлтэх болтугай.