“Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл өргөн барилаа

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төслийг УИХ-ын гишүүд Б.Уянга, С.Эрдэнэбат, С.Эрдэнэболд, Х.Баасанжаргал, Б.Баярбаатар нарын хамтаар Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр өргөн мэдүүллээ.

Тус хуулийн төслийн зорилго нь нэг нас хүрээгүй хүүхдээ алдсан эхчүүдийн эрхийг хамгаалах, төрөөс үзүүлдэг урамшуулал, дэмжлэгийн тогтолцоонд тэднийг хамруулах, олон хүүхэд төрүүлсэн эхчүүдийг ялгаварлахгүй байх зарчмыг хангах, цаашид хүн амын өсөлтийг нэмэгдүүлэхэд оршиж байна.

Өдгөө хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн үйлчлэх хүрээ буюу 3.1.1-д заасан “дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн” гэдэгт бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд, гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан хүүхэд, байгалийн аюулт үзэгдэл, осол, өвчин, гэмт хэргийн улмаас нас барсан нэг ба түүнээс дээш настай хүүхэд хамаарна” гэж заасан байдаг.

Хуулийн уг зохицуулалтад үндэслэн зургаа ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эхэд “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одон, дөрөв ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эхэд “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонг олгодог. Дээрх зохицуулалтаар урамшуулал авах болзолд “бага хүүхэд нь нэг нас хүрсэн байх”, “нас барсан хүүхэд нь нэг ба түүнээс дээш настай байх” зэрэг нөхцөл тавигдаж буй нь Хүүхдийн эрхийн тухай конвенцыг зөрчиж, хүүхдийг насаар нь ялгаварлан гадуурхах нөхцөл бүрдүүлж байна.

Иймд дээрх хязгаарлалтыг хасаж тэгш, ялгаварлалгүй нөхцөлөөр олон хүүхэд төрүүлсэн эхчүүдийг урамшуулах боломжийг нээх эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор уг хуулийн төслийг боловсруулсан. Ингэснээр уг хуулийн үйлчлэх хүрээг өргөжүүлж, “дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн” гэдэгт дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд, тухайн үед гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан хүүхэд, нас барсан хүүхдийг хамруулахаар эрх зүйн зохицуулалтыг тусгасан болно.